Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний шошгоны тэмдэглэгээнд анхаарах зүйлс

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний шошгоны тэмдэглэгээнд анхаарах зүйлс

Хүүхдийн бүтээгдэхүүнийг сонгохдоо бүтээгдэхүүний шошгыг уншиж сурах нь таньд хүссэн, шаардлагатай бүтээгдэхүүнээ сонгох, үр ашиггүй худалдан авалт хийхээс зайлсхийх боломжийг олгодог. Иймд та бүхэн хүүхдийн арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүний шошгон дээрх тэмдэглэгээнүүдийг мэдээд аваарай.

  1. Бүтээгдэхүүний шошгон дээр “dermatology tested”, “clinically tested”, “hypoallergenic” гэх бичигнүүд харж байсан уу? Эдгээр тэмлэглэгээнүүд нь харшил төрүүлэх шинэ чанаргүй, аюулгүй байдлыг харуулдаг. Тиймээс ийм тэмдэглэгээтэй бол харшилтай, харшилгүй хүүхэд аль аль нь чөлөөтэй хэрэглэж болно. Аливаа бүтээгдэхүүн эдгээр тэмдэглэгээг авахын тулд олон эмнэлзүйн шалгалтуудыг давсан байдаг.
  2. Зарим хүүхдүүд төрөлхийн эмзэг мэдрэмтгий, бас амархан цочирдог, нурах хандлагатай байдаг. Тийм хүүхдүүдэд “sensitive” гэсэн бичигтэйг сонгоно. Ийм бүтээгдэхүүн нь ямар ч үнэргүй, өнгө оруулагчгүй, химийн найрлагагүй, мөн арьс төлжүүлэх үйлдэл бүхий найрдагатай байдаг. Жишээ нь, аллантоин, пантенол, витамин Е гэх мэт.

Аллантоин нь арьсны нөхөн төлжилтийг нэмэгдүүлдэг байгалийн гаралтай нэгдэл бол пантенол нь арьсанд чийгийг удаан хадгалж хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.

  1. Цайрын исэлтэй тос гэж сонссон уу? Цайрын исэл нь арьсаар нэвчин шингэлгүй арьсны гадуур бүрхүүл үүсгэн гэмтсэн арьсыг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ. Цайрын исэл буюу Zinc oxide нь ихэвчлэн живхний тос, хүүхдийн нарны тос, зарим эмчилгээний дааврын найрлагатай тосонд агуулагддаг. Хүүхдийн арьс арчилгааны практикт нярайн арьсны нуралтын үед хэрэглэдэг хамгийн үр дүнтэй нэгдэл болно.
  2. Хамгийн сүүлд нарны тос. Сүүлийн жилүүдэд нарны хэт ягаан туяанаас үүдсэн арьсны эмгэгүүдийн тархалт нэмэгдэж байгаа нь магадгүй цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Нарны дерматит, нарны туяанаас үүсэх чонон хөрвөс гэх мэт олон өвчин байна. Хүүхдэд зориулсан нарнаас хамгаалах тосыг зуны цагт гадаа тоглох, амралт зугаалганд явах үед хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг. Хүүхэд гадаа тоглохдоо усаар тоглох, их хөлрөх тохиолдол их байдаг учир зарим тоснууд усны хамгаалалттай ч байдаг. Харин нарны тосыг орой унтахын өмнө цэвэрлэн чийгшүүлэгч тос түрхэх нь зүйтэй.

Ингээд арьс харшлын эмчийн хувьд та бүхэндээ хүүхдийнхээ арьс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгоход багахан ч гэсэн мэдлэгийг өгөхийг хичээлээ. Аливаа бүтээгдэхүүний найрлага нь үнэ, брэндээс илүү чухал байдаг юм шүү. Хүүхэддээ зориулан юу ч авсан заавал шошгон дээрх тэмдэглэгээ, найрлагыг заавал анзаарч харж байгаарай.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH