ДЭМБ-ын судалгаагаар хүүхдийн нийт өвчлөлийн дотор бөөр, шээсний замын эмгэг хоёрдугаар байранд ордог бөгөөд манай оронд амьсгалын болон хоол боловсруулах өвчлөлийн дараа гуравдугаар байранд ордог.
Үүсгэгч нянгууд нь шулуун гэдэснээс /хошного/ шээсний сүв орчим салстад үржин шээсний сүвээр дамжин өгсөх халдвар үүсгэдэг. Зарим тохиолдолд нян шээсний сүв болон давсагийг үрэвсүүлдэг, гэвч халдвар давсагнаас /давсагны үрэвсэл буюу цистит/ шээсний сүвээр дамжин бөөр гэмтээх /бөөрний үрэвсэл буюу пиелонефрит/ тохиолдол ч бий. Бага насны хөвгүүд охидоос илүү өвчилнө. Харин өсвөр насны болон насанд хүрэгчдийн дунд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өвчилдөг.
Хүүхдэд ямар зовуурь, шинж тэмдэг илрэх вэ?
Бөөр шээсний замын халдварын үед олон шинжүүд илэрдэг. Нярай хүүхдэд их цочромтгой болох, хөхөндөө муудах, тодорхой шалтгаангүйгээр халуурах, бөөлжих, суулгах, хүүхдийн ерөнхий байдал нь хүнд байна. Бага насны хүүхдэд ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсгээр давсагаар өвдөх, үнэртэй/ өтгөн/ бага багаар шээх , зарим тохиолдолд цустай шээх эсвэл шээсний дараа цус гарах дусах, зарим хүүхэд шөнө орондоо олон удаа шээх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Мөн зарим нь өдрийн цагаар бие засах газар очиж амжихгүй өмдөндөө шээх нь ч бий.
Хэрэв таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илэрч байвал та харьяа өрх, дүүргийн хүүхдийн эмчид үзүүлэн цаашдын шинжилгээг төлөвлөн зөвлөгөө авна уу.
Хэрхэн эмчлэх вэ?
· Хоол хурц биш, халуун ногоогүй бөөр, шээсний замын салстыг цочроох нөлөөгүй байх.
· Сайн унтуулж, амраах
· Шингэн хангалттай уулгах, хэвийн үеийнхээс илүү хэмжээгээр шингэн ууж, бие махбодоос шаардлагагүй хорт бодисыг гадагшлуулах нь зүйтэй.
· Давсаг орчим бүлээн бэгнүүр тавих
· Өвдөлт ихтэй үед өвчин намдаах эмийг эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ.
Мөн хүүхдийнхээ дотуур хувцас, ор дэрний цагаан хэрэглэлийг угааж сайтар индүүдэж өмсгөж, хэрэглүүлж байхыг эцэг эх та бүхнээс хүсч байна. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг шөнө унтахад нь ажиглах зүүдэлж тийчилнэ, орондоо шээнэ, бөгс нь загатнан тайван биш унтана цагаан хорхойтой эсэхэд анхаарч байгаарай. Учир нь цагаан хорхой нь давсаг, шээсний замын халдвараар өвчлөх бас нэг шалтгаан болдог юм шүү.
Циститийн эмчлгээний бүтээгдэхүүний мэдээлэл авах бол энд дарж авна уу!