ЭНТО ХХК нь 1982 онд үүсгэн байгуулагдсан эрүүл мэнд, хор судлалын дэлхийд тэргүүлэгч Англи улсын RANDOX компанитай хамтын ажиллагаа эхлүүлэн Лабораторийн Гуравдагч чанарын хяналтын уусмалыг нутагшуулж, улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын лабораториудын чанар стандартыг сайжруулах ажлыг Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд ЭНТО компани нь ЭМЯ, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Англи улсын RANDOX компанитай хамтран “Лабораторийн шинжилгээний чанар хангалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн лабораториудын 250 гаруй эмч, мэргэжилтэнд зохион байгууллаа.
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр:
“Монгол Улсын хэмжээнд үндэсний хэмжээний лавлагаа лаборатори байгуулах асуудал тулгамдаад байна. Ялангуяа энэ цахим шилжилтийн үед нэг эмнэлэг нөгөө эмнэлгийнхээ хариуг харилцан зөвшөөрдөг байж, ард иргэдийг чирэгдүүлэхгүй байх асуудлуудыг ярилцлаа. Эргээд энэ нь тухайн лабораториудын чадавх, чанарын асуудлууд ямар байгааг цэгцлээд өгөх юм.” гэв.
Монгол Улсын хэмжээнд Үндэсний хэмжээний лавлагаа лаборатори байгуулах нь нэн шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Энэ сургалтаар лабораториуд чанар хангалт, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, Олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцлаа.