Тулай өвчний талаар

Тулай өвчин ( GOUT, ПОДАГРА ) гэдэг нь шээсний хүчлийн давс /урат/ үенд хуримтлагддаг үений өвчин юм. 

Эмнэл зүйд ихэвчлэн 40 өөс дээш насны эрчүүд болон цэвэршсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Тулайн үед ихэвчлэн доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед 85% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол тулайн үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ.

 Өвдөлт – Ихэвчлэн өглөө үүрээр гэнэт маш хүчтэй өвдсөнөөс хүмүүс эмчид ханддаг. Өвдөлтийг хүмүүс зүйрлэхдээ 1000 зүүгээр хатгуулж буй мэт өвддөг гэж зүйрлэдэг .Учир нь шээсний хүчлийн талст нь хурц ирмэгтэй байдаг учир зөөлөн эдийг гэмтээж  маш хүчтэй өвдөлт өгдөг.

Үрэвслийн шинжүүд –  Хурц тулайн үед зарим тохиолдолд халуурч булчин өвддөг. Үеэр хавдаж халах, улайх шинж тэмдгүүд тод илэрнэ.

50-85% нь хөлийн эрхий хурууны үе улайж, хавдаж өвддөг бөгөөд 80% нь дахиж өвддөг. Эмчилгээ дутуу хийх, дэглэм муу баримталснаас өвчин хүндэрч шагай өвдөг мөр тохой бугуй гарын үе өвддөг. Тулай өвчний үрэвсэл бага хөнгөн үед хэдэн цагаас 3 өдөр үргэлжилдэг бол хүнд үед 10-14 хоног үргэлжилдэг . Харин архаг үед 14 хоногоос хэдэн сараар ч  үргэлжилж болдог.

Нөлөөлөх хүчин зүйлс болон шалтгаан :

  • артерийн даралт ихсэлт
  •  чихрийн шижин
  • удамшлын урьдчилсан хүчин зүйлс
  •  шээсний хүчил ихээр үүсгэдэг хоол хүнс /мах махан бүтээгдэхүүн,архи, пиво , улаан вино, хэт өтгөн цай , кофе/ тогтмол ихээр хэрэглэх

Монгол улсад тулай өвчний тархалтын талаарх дэлгэрэнгүй судалгаа байдаггүй ч сүүлийн жилүүдэд өвчлөлийн хэмжээ эрс ихэсч байгааг мэргэжилтэнүүд хэлж байгаа юм.

  Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагддаг.

  • Шинж тэмдэггүй гиперурикеми: Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
  • Тулайн  хурц артрит.
  • Дахилт хоорондын үе: Тулайн сэдрэл хоорондын үе
  • Архаг тофуст тулай: Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Эмчилгээ, хяналтгүй яваад байвал сэдрэл нь ойр ойрхон болох ба олон үеийн хамарсан үрэвсэл үүсдэг. Мөн үрэвсэл сэдрэх бүрд үений мөгөөрс,үений хүүдий, цаашилбал ясанд шархлаа  үүсэж байдаг учир эмчийн хяналтанд байх шаардлагатай.

Оношлогоо:

Рентгенд дараах шинж тэмдгүүд гарна:  Шээсний хүчлийн давс нь үе мөчний үений талбай, үений гэр, холбох эд зэрэгт ихээр хуримтлагдан талсжиж, бөөрөнхий зангилаанууд /тофус/ бий болж, үе мөчний хэлбэр дүрсийг алдагдуулдаг

ЭМЧИЛГЭЭ :

  1. Хоолны дэглэм
  2. Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ
  3. Шалтгааны эсрэг эмчилгээ
  4. Сэдрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ

Хамгийн түрүүнд хоолны дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай.

Пуринээр баялаг дараахи бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүнд: мах махан бүтээгдэхүүн, малын дотор мах, дотор мах болон мах чанасан шөл, эдгээрийн шөлөөр хийсэн хоол болон сүмс,өөхтэй мах, далайн бүтээгдэхүүн, сырь, удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнүүд /консервлосон загас болон ногоо/,архи, цагаан гурилан бүтээгдэхүүн, халуун болон хурц хоол хүнс, шоколад болон кофе. Эдгээрт их хэмжээний пурин агуулагдах ба шээсний хүчил үүсэлтийг улам ихэсгэнэ. Харин ногоо ялангуяа ногоон болон улаан шар өнгийн ногоо, байцаа, лууван, болж өгвөл түүхийгээр хэрэглэж болох ногоо байвал маш сайн. Жимснээс интоор маш сайн.

  • Ус их хэмжээгээр уух. 2-2.5 литр ус уух. Ногоон цай ууж болно. Мөн бага зэрэг шүлтлэг рашаан уувал тустай. Эдгээр нь цусанд байгаа шээсний хүчлийн концентрацийг багасгах бөөрөөр ялгарахыг нь сайжруулна.  
  • Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ :  Үрэвсэл болон өвчин намдаах эмийг ууж хэрэглэнэ. Эмч өвчтөний биеийн байдал үрэвслийн зэргээс хамаарч 1-2 эмийн хослолоор эмчилдэг  учир эмчид үзүүлж эмчилгээ зөвлөгөө авах шаардлагатай юм.
  • Шалтгааны эсрэг эмчилгээ: Колхициныг өвчний үе шатаас хамааран уулгана. Тулайн цочмог үед колхициныг өндөр тунгаар уун цаашид тодорхой схемээр тунг багасгаж ууна. Гаж нөлөө гарч болзошгүй байх тул зайлшгүй эмчийн заавраар ууж, эмчтэйгээ байнга зөвлөлдөж байх хэрэгтэй. Мөн Тулайн архаг үед  аллопуринолыг колхицинтэй хавсарч ууж хэрэглэдэг. Эмийн эмчилгээний явцад шингэнийг хангалттай уух  нь шээсний хүчлийг биеэс ялгаралтыг ихэсгэж эдгэрэлтэнд нөлөөлнө.
  • Жин ихтэй бол хэвийн жинд ортлоо хассанаар тулайн сэдрэлээс удаан хугацаанд сэргийлж чадна. Архи ,  шар айрагнаас татгалзан өөрийгөө хайрлах хэрэгтэй . Хоолны дэгдэмийг үргэлж сахин ажил амралтын дэглэмийг зохицуулах хэрэгтэй.

Та тулай өвчний үед хэрэглэдэг эмийн талаар мэдээлэл авахыг хүсвэл энэхүү текст дээр дарна уу.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH