ЭНТО компанийн ахлах эмч, төлөөлөгч Г.Хонгорзул: ОХУ виферон лааг 20 жил хэрэглэж байна

Сүүлийн үед виферон лааны талаар салбарын сайд ноцтой мэдээлэл хийх болов. Тухайлбал, Азийн хөгжлийн банк судалгаа хийгээд энэ лааг хүүхэд хэрэглэвэл хоёр жилийн дараа дархлаагүй болдог гэхчлэн мэдэгдсэн. Гэвч ийм асуудал гарсан нь олон нийтийн зүгээс нэлээд цочирдож, хүлээн авлаа. Тиймээс тус лааг инпортлон оруулж ирдэг “Энто” компанийн ахлах эмч, төлөөлөгч Г.Хонгорзулаас энэ талаар тодрууллаа.

-Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танай компанийн оруулж ирдэг “Виферон” бэлдмэлийг хэрэглэх нь аюултай гэж албан ёсоор мэдэгдлээ. Мэдээж танай компани энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирэхдээ холбогдох газруудын шалгалт болоод хэд хэдэн шалгуураар ордог байх. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Виферон бэлдмэлийг импортлогч компанийн хувьд болон үйлдвэрлэгчийн талаас энэ эмийн чанар, аюулгүй байдалд эргэлзэхгүй байж болно гэж хэлмээр байна. Бид ямар ч судалгаа, шинжилгээгүй, хүний биед хортой зүйлийг хилээр оруулж ирдэггүй. Энэхүү лаа нь эмчилгээний үр дүнд хийсэн олон улсын судалгаа ихтэй, мөн анх үйлдвэрлэгдсэн цагаас эхлэн ОХУ-д 20 жил хэрэглэгдэхдээ тус бүтээгдэхүүн нь үр дүн, аюулгүй байдлаа батлан харуулсан байдаг гэдгийг онцлон хэлмээр байна.

-Энэ лааг үйлдвэрлэж буй компани яг ямар туршлагатай, олон улсад хэр танигдсан компани байдаг юм бэ?

-Ферон компанийг үүсгэн байгуулагч эрдэмтэн болох В.В.Малиновская нь 1957 оноос эхлэн ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал болон халдвар судлалын институтэд вирусын эсрэг эмийг гаргаж авахад чиглэсэн үйл ажиллагааг удирдан явуулж байсан. Энэ судалгааны ажлын үр дүн болох виферон бэлдмэлийг ОХУ-ын Засгийн газар үнэлэн тус бүтээгдэхүүнд төрийн шагналаа хоёр удаа хүртээсэн байдаг. Ферон компани нь байнгын үйл ажиллагаатай эрдэм шинжилгээний институтээрээ дамжуулан Европын олон оронд судалгаа шинжилгээ хийдэг, дэлхийд нэр хүндтэй байгууллага юм.

-Үнэхээр энэ лааг ямар ч сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан олон улсын судалгаа, баримт нотолгоо байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ лааны талаарх судалгаануудаас тодруулбал, анагаахын шинжлэх ухааны судалгаа хийдэг эрдэмтдийн маш сайн мэддэг, мэдээллийн суурь нь болдог The American Association of Immunologists буюу АНУ-ын дархлал судлаачдын холбооноос гаргадаг Journal Of Immunology сэтгүүлийн 2007 оны 178 дугаар дугаарт “Нярайн хүнд хэлбэрийн нянгийн халдварын эмчилгээнд интерферон альфа буюу Виферон бэлдмэлийг хэрэглэсэн үр дүн” нийтлэлд тус бүтээгдэхүүн нь эмчилгээний өндөр үр дүнтэй талаар тодорхой бичигдсэн байдаг.

-Гэхдээ интерферон нь өөрөө асуудал дагуулж байгаа юм биш үү?

-Анх интерфероны төрлийн эм бүтээгдсэн нь өөрөө шинжлэх ухааны нээлт, сод бүтээл гэж дэлхийн олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай улсын урдаа барьдаг, нэр хүнд бүхий гавьяат багш, дархлал судлаач, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар багшийн саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлаганд интерферон нь хүүхдийн дархлааг огт унагадаггүй талаар тодорхой хэлсэн байна лээ. Иймд ямар нэг нотолгоо, судалгаагүйгээр виферон бэлдмэлийн талаар ташаа мэдээлэл олон нийтэд түгээгдэж байгаад харамсаж байна.

-Танай компани энэ бүтээдэгдэхүүнийг хэзээнээс оруулж ирсэн юм бэ. Ер нь энэ хугацаанд тус лаатай холбоотой ямар нэгэн санал гомдол ирж байсан уу, олон улсад энэхүү бэлдмэлийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Манай компанийн хувьд, энэхүү бэлдмэлийг 2010 оноос импортлож байгаа. Энэ хүртэл ямар нэгэн сөрөг нөлөө албан ёсоор олон улсад болоод манай оронд бүртгэгдсэн юм байхгүй. Өөрөөр хэлбэл, салбарын сайдын ярьсан шиг гаж нөлөө одоогоор бүртгэгдээгүй байна гэсэн үг. Түүнчлэн ЭМЯ-ны сайд болон яамнаас виферон бэлдмэлийн талаар судалгаа хийсэн, эсвэл энэ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар ямар нэг сөрөг баримт байгаа талаар манай компанид мэдэгдэл, албан бичиг огт ирүүлж байгаагүй. Одоо ч ирүүлээгүй байна. Энэ тухай анх удаа ТВ-ээр л сайдын өгсөн ярилцлагаас Азийн хөгжлийн банкны хийсэн судалгааны талаар сонсоод их гайхсан. ЭМЯ-наас харин 2018 оны нэгдгээр сарын 23-ны 7/290-р албан бичгээр виферон бэлдмэл нь хүүхдийн АЗЦВХ-ын эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй ба аюулгүй тухай Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөл, Эм судлалын салбар зөвлөлийн дүгнэлт гарсныг ирүүлсэн байдаг.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгааг манайд тус банкнаас албан ёсоор ирүүлсэн байгаа. Тодруулбал, вифероны сөрөг нөлөөтэй талаар судалсан нэг ч өгүүлбэр байхгүй. Үүнийгээ ч АХБ албан бичигтээ мөн бичиж ирүүлсэн. Иймд виферон бэлдмэлийг сөрөг нөлөөтэй гэж баталсан газар, судалгааны байгууллага огт байхгүй.

-Тэгвэл энэ асуудлаар өдөр тутмын салбарын “гал тогоог” авч явдаг эмч нар ямар байр суурьтай байна вэ. Танай компанитай ямар нэгэн байдлаар холбогдсон мэргэжилтэн байна уу?

-Одоогоор тийм зүйл алга. Ер нь виферон шулуун гэдэсний лаа нь өөрийн үр дүн, аюулгүй байдлаараа олон улсад танигдсан хэрэглээнд өргөн нэвтэрсэн бүтээгдэхүүн. Үүнийг олон эрдэмтэд баталж байгаа. Жил бүр ОХУ-аас Анагаах ухааны доктор, профессор, ажиллаж буй салбартаа тэргүүлж буй судлаач, эрдэмтэд манай улсад ирж интерферон альфа 2б буюу виферон бэлдмэлийн эмчилгээний үр дүнгийн талаар академик сургалт хийдэг. Мөн тэдгээр эмч нар ямар нэгэн судалгаагүй, магадгүй санамсаргүй байдлаар хэлсэн сөрөг үгэнд бус харин эрдэм шинжилгээний үндэслэлтэй, үр дүнтэй бүтээгдэхүүнийг цаашид ч эмчилгээндээ хэрэглэсээр байх болно гэдгээ бидэнд илэрхийлж байгаа.

-Ер нь энэхүү бэлдмэлийг дэлхийн хэдэн улсад хэрэглэдэг вэ. Барууны орнууд энэхүү бэлдмэлийг ашигладаггүй юм биш үү. Энэ талаар тооцоо, судалгаа бий болов уу?

-Одоогийн байдлаар дэлхийн 11 улсад эмчилгээний практикт өргөн хэрэглэдэг гэсэн тооцоо судалгаа бий. Мөн энэхүү бэлдмэлийг хойд хөршийн 140 сая гаруй хүн ам хэрэглэж байна. Тэгэхээр манай компаниас барууны орнуудад энэ эмийг яагаад хэрэглэдэггүй юм бэ гэж их асуудаг. Энэ нь өрөөсгөл асуулт юм л даа. Интерфероны бэлдмэлийг барууны орнуудад эмчилгээнд ашиглаж байгаа шүү дээ.

-Тодорхой жишээ дурьдвал?

-АНУ-д л гэхэд Пег-интерферон гэдэг эм бий. Энэ нь мөн л интерферон альфа 2б бөгөөд виферон бэлдмэлтэй үйлчлэгч бодисын хувьд бол яг ижил. Энэ эм нь АНУ-ын гепатитын эмчилгээний удирдамжид орсон байгаа. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь судсаар, өндөр тунгаар хэрэглэгддэг байхад манай виферон бэлдмэл нь шулуун гэдсээр, бага тунгаар хэрэглэгддэг. Тийм учраас виферон лаа нь гаж нөлөөгүй. Мөн Хятад улсад ч гэсэн өөрийн интерфероны бэлдмэл байдаг.

About the Author :

START TYPING AND PRESS ENTER TO SEARCH